Зүүн Өмнөд Ази, Номхон далай, Алс Дорнодын (SEAPFE) бүсийн Үндэсний Мэдээллийн Төвүүдийн (NDC) чадавхыг бэхжүүлэх ээлжит сургалт 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
Тус сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээний байгууллага (CTBTO)-ын Олон улсын мэдээллийн төвийн сургалтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Сургалтад БНХАУ, Вьетнам, Зүүн Тимор, Индонез, Малайз, Монгол, ОХУ, Папуа Шинэ Гвиней, Тайланд, Туркменистан, Узбекистан, Филиппин, Шинэ Зеланд, Япон зэрэг 14 улсын 29 мэргэжилтэн, судлаач оролцож байна.


Энэхүү сургалт нь CTBTO-ийн Олон улсын хяналтын систем (International Monitoring System)-д ажиллаж буй улс орнуудын Үндэсний мэдээллийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн программ хангамж ашиглах, мэдээлэл боловсруулах болон шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн CTBTO-ийн Олон улсын мэдээллийн төвийн мэдээллийн сан болон бүтээгдэхүүнтэй ажиллах, өгөгдөл боловсруулах чиглэлээр оролцогчдын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулах ач холбогдолтой.