Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орчноо танин мэдэх оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүний нэг хэсэг нь агаар сансрын орон зай, одод, гараг эрхсийн зүй тогтол, мөн чанарыг танин мэдэх явдал байсаар ирснийг түүхэн олон эх сурвалжид дурдсан байдаг. Монголчуудын дунд ч мөн одот тэнгэрийн тухай олон үлгэр домог, Хубилай хааны одон орны төвөөс эхлээд бодит бүтээн байгуулалтууд олон байсан билээ. Өнөөдөр бол эдгээр түүхийн нэгээхэн хэсэг болсон Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, сансар судлалын түүхэнд тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 45 жилийн ой тохиож байна.
1981 оны 3-р сарын 22-30 нд Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг болсон билээ. “Союз-39” хөлгийн баг ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков, Монгол улсын иргэн, шинжлэн судлаач Ж.Гүррагчаа нар сансрын Салют-6 станцтай холбогдон Союз Т4 багийн ЗХУ-ын сансрын нисэгч В.В.Ковалёнок, В.П.Савиных нартай хамтран хүний зүрх судасны үйл ажиллагааны байдал, элдэв сорилыг давах тэвчээр, сансрын нисэгчийн ажил гүйцэтгэх чадвар, дадлага туршлага, оюун ухаанд нөлөөлөх хүчин зүйлс гэх мэт анагаах ухаан биологийн олон туршилтыг хийсэн нь манай улсын шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр болсон. Уг сансрын нислэгээр Монгол улс сансрын уудамд иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, сансрын багаж зохион бүтээж ашигласан 20 дахь, задгай сансарт багажаа гаргасан 5 дахь орон болж бүртгэгдсэн. Монгол улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нь Монгол улсын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансарт ниссэн хүнээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Олон улсын сансрын холбооны байгууллага "Интерспутник", Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран зохион байгуулна. Тус хуралд олон улсын сансрын нисэгч нар оролцоно.

Монгол Улсын Батлан хамгаалах яам нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын хүрээнд сансрын технологи, хиймэл дагуулын холбоо, зайнаас тандан судлалын хэрэглээг хөгжүүлэх стратегийн ач холбогдлыг харгалзан уг арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи уг хурлыг шинжлэх ухаан, инноваци, технологийн хөгжлийг дэмжих төрийн бодлого болон сансар судлалын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Ази-Номхон далайн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллага (APSCO) нь тус байгууллагын гишүүн орнуудын хооронд сансрын хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх зорилготой засгийн газар хоорондын байгууллага юм. Тус байгууллага нь сансрын шинжлэх ухаан, технологи, түүний хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааны эрх зүйн болон институцийн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг.
АПСКО нь одоогийн байдлаар 8 гишүүн оронтой бөгөөд Монгол Улс 2008 онд нэгдэн орсноор тус байгууллагын хөтөлбөр, сургалт, судалгааны үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байна.
“Интерспутник” Олон улсын Сансрын Холбооны Байгууллага нь хиймэл дагуулын харилцаа холбооны салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хиймэл дагуулын харилцаа холбооны системийг хөгжүүлэх зорилгоор 1971 онд байгуулагдсан засгийн газар хоорондын байгууллага юм. Монгол Улс 1979 онд гишүүн орноор элссэн. Тус байгууллага нь Африк, Америк, Ази, Европ тивийн гишүүн улсуудыг нэгтгэн, хиймэл дагуулын харилцаа холбооны салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү хурлыг Монгол улсад зохион байгуулснаар
- Монгол улсын сансрын хөгжлийн дараагийн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох,
- Харилцаа холбоо, зайнаас тандан судлал, шинжлэх ухаан ба технологи, сансрын өгөгдлийн менежмент, инженерчлэл, хүний нөөц, бизнесийг хамарсан сансрын технологийн бодлого, төлөвлөлтийг боловсруулж батлуулах талаар зөвлөмж гаргах, холбогдох эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах,
- Олон улсын байгууллагуудтай Санамж бичиг болон хамтарсан төслүүдийг эхлүүлэх,
- ШУА ба АПСКО, мөн ШУА ба Интерспутникийн хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлох
- ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар судлалын төвд залуу эрдэмтэн, судлаачдын хөтөлбөр эхлүүлэх санал дэвшүүлэх,
- Олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх,
- Мөн тухайн хуралд оролцож буй улсуудтай шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжих, ирээдүйд хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нээх зэрэг чухал ач холбогдолтой.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ