Одон орон судлалын олон улсын нээлттэй олимпиад 2024 оны 09-р сарын 15-аас 22-ны хооронд ОХУ-ын Сочи хотын “Сириус” боловсролын цогцолборт зохион байгуулагдсан.
Сириус - Хөхдэй мэргэн бол Их нохойн одны ордны хамгийн тод од төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг оюутнууд, багш нар, мэргэжилтнүүд уулздаг боловсролын цогцолбор юм. Жил бүр Сириус боловсролын цогцолборт 10 мянга гаруй сургуулийн сурагчид зочилдог бөгөөд тус цогцолборын онлайн төсөлд 3.5 сая хүн оролцдог. 2024 онд Монгол, ОХУ, Катар, Этиоп, Беларусь, Болгар, Перу зэрэг 20 орны төлөөлөгчид оролцов. Олимпиад нь дөрвөн үе шаттай явагддаг.
Үүнд:
- Онолын - асуудлыг шийдвэрлэх.
- Практик - мини судалгааны ажил.
- Ажиглалтын - одод тэнгэрийн талаарх мэдлэгийн даалгавар.
- Блицтур - туршилтууд.
Бүх даалгаврыг англи хэл дээр урьдчилан бэлтгэдэг ба мэргэжлийн нэр томьёоны толь бичгүүдийг ашиглах боломжтой байдаг. Энэ олимпиадад Монгол улсаа төлөөлөн 1 баг 2 удирдагч багш оролцсон. 1 баг нь 18 нас хүрээгүй 6 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог. Монгол улс энэхүү олимпиадад онлайнаар оролцон 1 мөнгө, 4 хүрэл медаль авлаа.
Медаль болон дипломуудыг Боловсролын Яамаар дамжин 2025 оны 04-р сарын 15-нд хүлээн аван шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн дээр боллоо.
Голомт сургуулийн 11-р ангийн сурагч Х.Мөнхзаяа мөнгөн медаль, 92-р сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Хэрлэн, Шинэ Монгол сургуулийн 8-р ангийн сурагч Д.Энэрэлт, 11-р сургуулийн 8-р ангийн сурагч М.Өлзийдэлгэр, Элит олон улсын сургуулийн 10-р ангийн сурагч Э.Бадрал нар хүрэл медаль хүртлээ. Шагналыг МУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Одон орон судлах оргилын дарга Б.Нямсүрэн нар гардуулав. Мөн бэлтгэсэн Монгол Тэмүүлэл сургуулийн физикийн багш Ц.Цог-Очир болон доктор Д.Батмөнхд баяр хүргэе.