Одон орон судлал-астрономи нь маш эртний уламжлалтай бөгөөд эрт дээр үеэс Монголчууд нүүдлийн соёлыг түгээн амьдрахдаа Нар, Сар, од, гариг эрхсийг ажиглан зүг чиг олох, жил,сар,өдөр зэрэг цаг хугацааг нарийн тодорхойлон мал аж ахуйдаа ашигласаар ирсэн арвин түүхтэй. Орчин үеийн астрономи Монгол улсад ХХ-р зуунд бий болсон бөгөөд одон орон судлалын анхны сурах бичиг 1965 онд хэвлэн нийтлэгдэн сургалтын хөтөлбөрт тусган 10-р ангийн сурагчдад долоо хоногт нэг удаа заадаг байсан. Харин 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихэд боловсролын систем эрс шинэчлэгдэн одон орон судлалыг физикийн хүрээлэлд оруулсан.
Хэдийгээр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Одон орон судлал-Астрономи” гэсэн бие даасан хичээл байхгүй байгаа ч сурагчид идэвхтэй оролцдог бөгөөд олимпиадаар дамжуулан сурагчид болон багш нарын ур чадварыг дээшлүүлэх, байгалийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах зорилготой байлаа.
ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн, Монголын Одон Орон Судлалын Холбоо (МООСХ) Одон орон судлалын улсын олимпиадыг Улсын Физикийн олимпиадын арга хэмжээний хөтөлбөрт тусгуулан 7 удаа, мөн МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуультай хамтран 2 удаа, нийт 9 удаа амжилттай зохион байгуулсан юм. Харин энэ жил Улаанбаатар хотноо Нийслэлийн Ерөнхий Боловсролын Монгол Тэмүүлэл сургуультай хамтран 2026 оны 3-р сарын 30-аас 4-р сарын 1-ний хооронд Одон орон судлалын Улсын Аравдугаар Олимпиадаа зохин байгуулан дүнгээ гаргалаа. Энэхүү олимпиаданд ерөнхий боловсролын нийт 198 сурагчид дунд ба ахлах шатлалд бүртгүүлэн амжилттай оролцлоо. Насны шатлал тус бүрд 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл шалгаруулан дуран, өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа. Мөн бүртгүүлсэн бүх сурагчдад болон багш сурган хүмүүжүүлэгчдэд дурсгал болгон олимпиадын лого бүхий энгэрийн тэмдэг, бал бэлэглэв.
Шагналыг Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар, Монгол улс, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Д.Батмөнх нар гардуулав.








